Нэг. Отрын бэлчээрийн даац, багтаамж
Монгол Улсын Засгийн газраас мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор нийт 783.3 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, нийт 9 аймаг дундын отрын бүс нутгийг байгуулсан. Энэ онд манай орны нийт нутгаар зуншлага муу, бэлчээрийн гарц муу байсан төдийгүй Аймаг дундын отрын бүс нутгуудын бэлцээрийн даац, багтаамж нийт дүнгээр өмнөх онтой харьцуулахад 30% буурсан байна. Ялангуяа Завхан аймгийн Багахайрхан, Говь-Алтай аймгийн Аргалантын отрын бүс нутгуудын бэлчээрийн даац 2-2.8 дахин буурсан. Харин Говьсүмбэр аймгийн Малахын аймаг дундын отрын бүсийн бэлцээрийн даац багтаамж өмнөх онтой харьцуулахад 2.8 дахин нэмэгдсэн дүнтэй байна.
Энэ оны 10 дугаар сард Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас отрын бүс нутгуудын бэлчээрийн төлөв байдалд хийсэн судалгаагаар, 2017-2018 онд аймаг дундын 9 отрын бүс нутагт нийт 519,670 хонин толгой мал өвөлжүүлэх боломжтой гэсэн дүн гарсан болно.
Хоёр.Отрын бүс нутагт отроор мал өвөлжүүлэх санал, түүний шийдвэрлэлт
Энэ онд манай улсын ихэнх нутгаар зуншлага тааруу, бэлчээрийн гарц муу байснаас шалтгаалан аймаг дундын отрын нөөц бэлчээрийн эрэлт хэрэгцээ эрс ихсэж, аймаг дундын отрын бүст өвөлжүүлэх малын тооны захиалга өмнөх онтой харьцуулахад 2.5 дахин их буюу 11 аймгийн 45 сум, 1 дүүргээс нийт 1,854,019 хонин толгой мал өвөлжүүлэх саналыг ирүүлсэн ба Отрын бэлчээрийн ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлаас отрын бүс нутгуудын бэлчээрийн даацыг харгалзан нийт 518,683 хонин толгой малыг 9 отрын бүс нутагт өвөлжүүлэхээр шийдвэрлэсэн.
2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор 17 аймгийн 37 сум, нийслэлийн 3 дүүргийн 566 өрхийн 351196 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 532929 мал отрын бүс нутгуудад өвөлжиж байна. /Хүснэгт.1/

Гурав.Отрын бүсүүд дэх өвөлжилтийн нөхцөл байдлын талаар
3.1.Говь-Алтай аймгийн Аргалантын отрын бүс:
Аргалантын отрын бүс нутаг нь 20,000 хонин толгой мал отроор өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаагаас нийт 2 аймгийн 3 сумын 32 өрхийн 20,100 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 24,452 мал өвөлжиж байна. Үүнд:
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 17 өрхийн 14,181 толгой мал, Баянхонгор аймгийн 2 сумын 15 өрхийн 10,271 толгой мал тус тус отроор өвөлжиж байна.
Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутагт 8-12 см орчим цастай хүйтэрч, цасаар шуурч зарим тал газраа цас ханзарсан. Малын зүй бусын хорогдол гараагүй байна. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 17 малчин өрхөд тус бүр 5 боодол өвс, 1 уут хивэг аймгийн нөөцөөс олгосон.
Малын гоц халдварт өвчний байдал: Тайван
3.2.Булган аймгийн Чилэнгийн отрын бүс:
Чилэнгийн отрын бүс нутаг нь 27,987 хонин толгой мал отроор өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаагаас нийт 2 аймгийн 3 сумын 28 өрхийн 16,014 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 25,943 мал өвөлжиж байна. Үүнд:
Булган аймгийн 2 сумын 15 өрхийн 12905 толгой мал, Төв аймгийн 1 сумын 13 өрхийн 13,038 толгой мал тус тус отроор өвөлжиж байна.
Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутагт зүүн талаараа 35-40 см, гуу жалгандаа 60-70 см, баруун талаараа 30-35 см, гуу жалгандаа хамгийн ихдээ 50-60 см орчим цастай байна. Өвөлжилт хүндэрсэн.
Малын гоц халдварт өвчний байдал: 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын төвд малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрснээр Сумын засаг даргын А-04 тоот өндөржүүлсэн бэлэн байдал зарлах тухай захирамж гарч хязгаарлалтын дэглэм тогтоогдсон.
Улмаар Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тус өвчин болох нь тогтоогдож 01 дүгээр сарын 13-ны өдөр сумын засаг даргын А-07 тоот “Хорио цээрийн дэглэм тогтоох” тухай захирамж гарч өвчилсөн малыг устгах, голомтын бүсэд байгаа мал, амьтныг вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна.
Тус голомтын бүс нь Улсын тусгай хэрэгцээний Чилэнгийн отрын бүс нутгаас 5 км зайд байгаа тул тус отрын бүс нутагт байгаа малыг дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа ба 2018 оны 01 сарын 24-ний байдлаар нийт 742 толгой үхэрт шүхийн эсрэг вакцин хийгдсэн бөгөөд отрын бүс нутагт отроор өвөлжиж байгаа үхэрийг 100% вакцинжуулалтад хамруулаад байна. Одоогоор өвчний тархалт тогтворжиж шинээр сэжиг илрээгүй байна.
Мөн шүлхийн голомтын хамаарах цэгүүдэд Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа болон Дашинчилэн сумын ЗДТГ-тай хамтран Хар үзүүрийн ар, Хүрэн чулуут, Шамбын гозгор гэх газруудад тус тус мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэг гарган хүн малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавин, ариутгалын ажил хийж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
3.3. Дорнод аймгийн Чойбалсан отрын бүс:
Чойбалсангийн отрын бүс нутаг нь нийт 117,143 хонин толгой мал өвөлжүүлэх бэлчээрийн даацтай. Дорнод аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэн нөхцөлд тус аймгийн гурван сумын 27 өрхийн 45,815 хонин толгой мал отроор өвөлжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.
Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутагт 4-6 см орчим цастай. Өвөлжиж байгаа малчин өрх байхгүй байна.
Малын гоц халдварт өвчний байдал: Тайван
3.4.Ховд аймгийн Баяннуруу отрын бүс:
Баяннурууны отрын бүс нутаг нь 22,850 хонин толгой мал өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаагаас нийт Ховд аймгийн Дарви сумын 6 өрхийн 3362 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 4267 мал өвөлжиж байна.
Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутаг 2018 оны 01 дүгээр сарын 01-07 хооронд цас орж нийт нутгаар цасан бүрхүүлтэй болсон. Тал хээр газраа 8-15 см цастай, уулархаг газраа 15-40 см цастай, хонхор гуу жалга шуурсан газраа 80-100 см зузаан цастай байна. Өвөлжилт хүндэрч зудын байдалд шилжсэн тул малчдад учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Малчиддаа туслах” сайн санааны аяны хүрээнд байгууллага аж ахуй нэгж төрийн бус байгууллага ард иргэд хандив тусламжаар өгсөн бараа материалыг малчин өрхөд хүргэх ажлыг сумын ЗДТГ-тай хамран зохион байгуулж байна. Мөн ХХААХҮЯ-наас зохион байгуулж байгаа “Өвөл хаврыг өнтэй давъя” арга хэмжээний хүрээнд малчид фермерүүдэд хямдруулсан үнээр олгогдож байгаа өвс, тэжээлээс 1 багт 100 уут хивэг буюу 5 багт 500 уут хивэг, 2000 боодол өвс олгосон. Ховд аймгийн Онцгой байдлын газраас 1000 боодол өвс, 125 уут хорголжин тэжээлийг малчдад хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Малын гоц халдварт өвчний байдал: Тайван
3.5.Увс аймгийн Ачитнуур отрын бүс:
Ачит нуур отрын бүс нутаг нь 10,790 хонин толгой мал отроор өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаагаас нийт Увс аймгийн Ховд сумын 27 өрхийн 6072 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 10,962 мал өвөлжиж байна.
Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутагт тал газраа 3-4 см орчим шуурсан эрэг газраа 15-20 см цастай байна. Өвөлжилт хүндэрсэн тул Сумын ЗДТГ-тай хамтран отрын бүс нутагт ажиллаж байна.
Малын гоц халдварт өвчний байдал: Тайван
3.6.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отрын бүс:
Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутаг нь нийт 199,504 хонин толгой мал өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаагаас нийт 6 аймаг, 2 дүүргийн 363 өрхийн 217,241 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 356,879 мал өвөлжиж байна. Үүнд:
Багануур дүүргийн 33 өрхийн 38,254 толгой мал, Налайх дүүргийн 2 өрхийн 1452 толгой мал, СХД-ийн 2 өрхийн 942 толгой мал, Төв аймгийн 9 сумын 49 өрхийн 43,127 толгой мал, Сэлэнгэ аймгийн 2 сумын 6 өрхийн 13,192 толгой мал, Өвөрхангай аймгийн 1 сумын 2 өрхийн 1655 толгой мал, Дундговь аймгийн 2 сумын 2 өрхийн 1146 толгой мал, Увс аймгийн 1 сумын 1 өрхийн 1366 толгой мал, Хэнтий аймгийн 3 сумын 266 өрхийн 255,745 толгой мал тус тус өвөлжиж байна.
Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутагт 2-3 см орчим цастай.
Малын гоц халдварт өвчний байдал: Отор, нүүдлийн явцад тавих мал эмнэлгийн хяналт, шалгалтыг чангатгах зорилгоор тус отрын бүс нутагт мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын хөдөлгөөнт болон түр цэгүүдийг Сумын Мал эмнэлгийн нэгжтэй хамтран ажиллуулан, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. Малын гоц халдварт өвчний байдал тайван байна.
3.7.Завхан аймгийн Багахайрханы отрын бүс:
Багахайрханы отрын бүс нутаг нь нийт 28,946 хонин толгой өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаагаас нийт 2 аймгийн 7 сумын 53 өрхийн 57,533 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 68,118 мал өвөлжиж байна. Үүнд:
Завхан аймгийн 6 сумын 51 өрхийн 65,477 толгой мал, Увс аймгийн Завхан сумын 1 өрхийн 2641 толгой мал тус тус өвөлжиж байна.
Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутгийн урд талаараа 5-10 см орчим цастай. Отрын бүсийн Цагаан ботго, Алаг ботго, Дэлүү газруудад цасны хэмжээ 10-20 см цастай байна. Завханмандал суманд байгаа аймгийн нөөцөөс отрын бүс нутагт өвөлжиж буй Цэцэн-Уул сумын 20 өрхөд тус бүр 10 уут хивэг олгуулах ажлыг сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулав. Тус отрын бүс нутагт өвөлжиж буй 43 өрхийн хурга 1528, хонь 741, ишиг 2262, ямаа 973 бяруу 11, үхэр 14, сарваа 12, адуу 4 нийт 5545 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Өвөлжилт хүндэрсэн тул Улсын нөөцөөс 45 тн тэжээл 50 хувь хямдралтай үнээр, 40 тн өвс үнэгүй, Аймгийн нөөцөөс 10 тн өвс, 50 тн тэжээл олгогдсоныг малчдад хуваарилан тарааж дууссан. Одоогоор сумын нөөцөд өвс байхгүй, өвсний хэрэгцээ шаардлага ихтэй байна.
Малын гоц халдварт өвчний байдал: Тайван
3.8. Говьсүмбэр аймгийн Малахын отрын бүс:
Малахын отрын бүс нутагт нь нийт 72,450 хонин толгой мал өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаагаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 57 өрхийн 30,874 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 42,308 мал өвөлжиж байна.
Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутаг нийтдээ цасан бүрхүүлтэй байна. Цасны зузаан тал газар 5-10 см, жалга судгаараа 15-20 см болж хатуурсан байна. Өвөлжилт хүндэрсэн багийн малчдад аймаг, сумын аюулгүй нөөцөөс өвс тэжээл олгох ажлыг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулан 4500 боодол өвс олгосон. 300 дээш малтай малчин өрхөд 50 боодол өвс, 300 доош малтай өрхөд 30 боодол өвс, отрын бүс нутагт өвөлжиж буй 57 өрхөд 4,5 тн тэжээл олгосон. Мөн аймгийн Онцгой комисст санал тавьж багуудын малчдад 2900 боодол өвс олгосон. Цаг агаар хүйтэрч байгаагийн улмаас мал уруудах, осгох байдал ажиглагдаж байна.
Малын гоц халдварт өвчний байдал: Одоогийн байдлаар тус отрын бүс нутагт малын зүй бусын хорогдол болон малын гоц халдварт өвчин гараагүй байна. Аймгийн Засаг даргын А/12 тоот захирамжаар өнөдржүүлсэн бэлэн байдал зарлаж, Сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, 4 байршилд хяналтын пост байгуулан хамтран ажиллаж байна.
3.9.Өвөрхангай аймгийн Хөхдэлийн отрын бүс:
Хөхдэлийн отрын бүс нутаг нь нийт 20,000 хонин толгой мал өвөлжүүлэх бэлчээрийн даацтай. Тус отрын бүс нутагт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас 10,000 толгой мал отроор өвөлжүүлэх захилга ирүүлээд байгаа боловч цас их хэмжээгээр орж өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор одоогоор отроор мал ороогүй байна.
Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутгийн цасны зузаан дийлэнх нутгаар 15-20 см зарим газраа 40-50 см цастай байна.
Малын гоц халдварт өвчний байдал: Тайван
АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР
АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх