Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын эрхлэх асуудлын хүрээнд анхлан байгуулж, дүрмийг баталсан бөгөөд улмаар “Монгол улсын Засгийн газрын тухай” хуулийн 24.1.4, “Агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 9.1 дэх заалтууд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай“ УИХ-ын 2008 оны 49 дүгээр тогтоолоор баталсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид Хүнс, хөдөө аж ахуйн /хуучин нэрээр/ Сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа” байхаар шийдвэрлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2009 оны 01 тоот тушаалаар бүтэц, орон тоог баталсан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А-110 тоот тушаалаар бүтэц, орон тоог шинэчлэн баталж 24 орон тоотой ажиллаж байна. Мөн байгууллагын дүрмийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 29-ны А-275 тоот тушаалаар шинэчлэн батлуулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Захиргааны үндсэн үйл ажиллагааны зорилт нь Монгол улсын хэмжээнд аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан бэлчээрийг зохистой ашиглуулах, хамгаалах замаар мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, оторчид, малчдад, төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллахад оршино.
Тус захиргаа нь Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Булган, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Говь-сүмбэр аймгуудын нутаг дэвсгэрт байрлах улсын тусгай хэрэгцээний нийт 783.3 мянган га 9 бүс нутагт отрын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцан ажиллаж байна.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх