АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ





АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ

НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Улсын тусгай хэрэгцээний зориулалтаар авсан аймаг дундын отрын бэлчээр (цаашид "отрын бэлчээр" гэх)-ийг ашиглах, хамгаалахтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Отрын бэлчээрийг ашиглах харилцаанд Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай, Малын тоо толгойн албан татварын тухай хууль болон энэ журмыг дагаж мөрдөнө.

1.3.Отрын бэлчээрийг тухайн оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 150 хоногоос хэтрүүлэхгүй ашиглана.

Хоёр.Удирдлага, зохион байгуулалт

2.1.Улсын тусгай хэрэгцээний зориулалтаар авсан аймаг дундын отрын бэлчээрийг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа (цаашид "Захиргаа" гэх) хариуцаж зохион байгуулна.

2.2.Захиргаа нь улсын төсвөөс санхүүжих бөгөөд бэлчээрийг ашиглах, хамгаалах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж болно.

2.3.Захиргааны дэргэд отрын бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2.4.Зөвлөлийн бүрэлдэхүүнд хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын бэлчээрийн ашиглалт хариуцсан албан тушаалтан, Захиргааны дарга, тухайн бүсэд малчид нь оторлодог аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын дарга, сумдын Засаг дарга, Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн дарга нар байна. Зөвлөлийн даргаар тус отрын бэлчээрт газар нутгийн дийлэнх хувь нь харьяалагдах аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга ажиллана.

2.5.Зөвлөл нь жилд хоёроос доошгүй удаа буюу жил бүрийн 06 дугаар сарын 01, 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хуралдана. Шаардлагатай бол Захиргааны хүсэлтийг үндэслэн Зөвлөлийн даргын товлосноор хуралдаж болно.

2.6.Зөвлөлийн нийт гишүүдийн ердийн олонх оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцох бөгөөд хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

2.7.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар дүгнэлт (тэмдэглэлийн хамт)  гаргана. Дүгнэлтэд Зөвлөлийн дарга болон тэмдэглэл хөтөлсөн ажилтан гарын үсэг зурж баталгаажуулна.

2.8.Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн тохиолдолд малчдаа отрын бүс нутагт оруулсан аймаг, сумаас отрын түр штабыг байгуулан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажиллуулж болно.

Гурав.Отрын бэлчээрийг хамгаалах, ашиглах

3.1.Захиргаа нь жил бүрийн 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан отрын бэлчээрийн болон тухайн отрын бэлчээрт малаа оторлуулдаг сумдын бэлчээрийн даацын мэдээг нэгтгэн, холбогдох аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сум, дүүргийн Засаг дарга нарт хүргүүлнэ.

3.2.Сум, дүүргийн Засаг дарга нь отрын бэлчээрийн даацтай уялдуулан тухайн бүс нутагт оторлох малчдын саналыг хүлээн авч нэгтгэн аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар тус саналыг нэгтгэн жил бүрийн 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Захиргаанд хүргүүлнэ.

3.3.Захиргаа нь тухайн отрын бэлчээрийн даац болон оторлох хүсэлт гаргасан малчдын санал, малын тооны талаарх мэдээллийг нэгтгэн жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ.

3.4.Захиргаа нь Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн оторлох хүсэлт гаргасан малчин болон холбогдох сум, дүүргийн Засаг дарга нартай гуравласан гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг хангуулж ажиллана.

3.5.Гуравласан гэрээнд бэлчээрийг зүй зохистой ашиглах, хог хаягдлыг цэвэрлэх, ашигласан худаг болон хашаа хорооны эвдрэл, гэмтлийг засах, мал эмнэлгийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг тухай бүр устгах, болзошгүй эрсдэл, гал түймрээс урьдчилан сэргийлэх, ашигласан эд хөрөнгийг Захиргаанд хүлээлгэн өгөх зэрэг асуудлыг тодорхой тусгана.

3.6.Отрын бэлчээр ашиглаж байгаа малчин нь өөрийн хөрөнгөөр тусгай хэрэгцээний газарт өвөлжөө, хаваржааны хашаа, хороо, барилга байгууламж барих, худаг, уст цэг гаргах, байгалийн хадлан бэлтгэх, тариалангийн зориулалтаар газар хагалах, үйлдвэрлэлийн зориулалтаар самар, жимс, эмийн ургамал түүх, ан агнах зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахыг тус тус хориглоно.

Дөрөв.Аймаг, дундын отрын бэлчээр ашиглалт, хамгаалалтын

талаарх холбогдох байгууллагын чиг үүрэг

4.1.Захиргаа дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.1.1.отрын бэлчээр ашиглах гуравласан гэрээний загварыг боловсруулж, Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;

4.1.2.энэ журмын 3.4-т заасан гуравласан гэрээг талуудтай байгуулж, хэрэгжилтийг хангуулах;

4.1.3.Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээ, зөвлөмж болон байгаль, цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан оторлох хугацааг өөрчлөх эсэх саналыг Зөвлөлд хүргүүлж, шийдвэрлүүлэх;

4.1.4.отрын бэлчээрийн бүртгэл, ашиглалт, хамгаалалтын чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтан, бэлчээрийн харилцаанд оролцогчдыг мэдээллээр хангах, холбогдох мэдээллийг цахим мэдээллийн нэгдсэн санд тухай бүр оруулах;

4.1.5.аймаг дундын отрын бүс тус бүрээр отрын бэлчээр ашиглах төлөвлөгөөг 3 жил тутамд шинэчлэн боловсруулж, Зөвлөлд хүргүүлэх;

4.1.6.отрын бүс нутагт ажиллаж байгаа албан хаагчдыг шаардлагатай техник, тоног төхөөрөмж, машин, мотоцикл, байршил тогтоогч зэргээр хангах асуудлыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилж, шийдвэрлүүлэх;

4.1.7.улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бэлчээрийг шинээр байгуулах асуудлыг холбогдох төрийн болон орон нутгийн байгууллагатай хамтран судалж, саналаа эрх бүхий байгууллагад уламжлах;

4.1.8.отрын бэлчээрт малын гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг бүх шатны мал эмнэлгийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

4.1.9.өвөлжилт, хаваржилт хүндэрсэн болон онцгой нөхцөл үүссэн үед ашиглах зорилгоор хадлангийн талбайгаас байгалийн хадлан бэлтгэх, зөвшөөрөгдсөн талбайд ногоон тэжээл тариалах, өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх арга хэмжээ авах;

4.1.10.отрын бэлчээрийг өнжөөх тухай Зөвлөлийн дүгнэлт, тэмдэглэл гарсан тохиолдолд отрын бүс нутгийн үндсэн харьяат малчдыг өвөлжүүлж, хаваржуулах асуудлаар холбогдох сумдын Засаг дарга нартай зөвшилцөх, хамтран шийдвэрлэх;

4.1.11.Газрын тухай хуулийн 58.5-д заасны дагуу улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутамд отрын бэлчээрийн төлөв байдал, чанарын хянан баталгааг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар хийлгэх;

4.1.12.бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр олон улсын байгууллага, гадаадын төсөл, хөтөлбөртэй хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх;

4.1.13.отроор өвөлжиж, хаваржиж буй малчид болон өрхийн гишүүдэд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай хүргэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;

4.1.14.аймаг дундын отрын бүсэд худаг, уст цэг гаргах, өвс тэжээлийн агуулах, саравч, малын хашаа, хороо барьж байгуулах, сэргээн засварлах, отрын бэлчээрийн төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх, мал эмнэлгийн болон мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, баяжилт хийх зэрэг отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтад шаардагдах зардлын тооцоог жил бүр гаргаж, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцад тусгуулах арга хэмжээ авах;

4.1.15.улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээрийн газрыг гэрчилгээжүүлэх хүсэлтийг холбогдох журмын дагуу газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх;

4.1.16.энэ журамд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр отрын бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөөгүй тохиолдолд харьяалах сумын Засаг дарга, бусад холбогдох албан тушаалтантай хамтран бэлчээрийг албадан чөлөөлөх арга хэмжээ авах;

4.1.17.отрын бэлчээр ашиглалт, хамгаалалтын төлөвлөлт, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар олон нийтэд ил тод мэдээлэх, малчдад сурталчлан таниулах.

4.2.Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.2.1.отрын бэлчээрт оторлох малын тоог хэлэлцэн тогтоох;

                     4.2.2.бэлчээр ашиглах 3 жилийн төлөвлөгөөг хэлэлцэн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах;

4.2.3.отрын бэлчээрийг ашиглах гэрээний төслийг хэлэлцэн батлах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх;

4.2.4.отрын бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөх, өнжөөх, ашиглах хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх.

4.3.Аймгийн Мал эмнэлгийн газар, сумын тасаг, гэрээт нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.3.1.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.11-д заасны дагуу оторлох мал сүрэгт эмнэл зүйн үзлэг хийсэн талаарх тэмдэглэлийг өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийж баталгаажуулах;

4.3.2.отрын бэлчээрт малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, ариутгал халдваргүйтгэлийг технологийн хугацаанд  хийх;

4.3.3.малын халдварт болон гоц халдварт өвчний голомт, тархалтын судалгааг үндэслэн отрын бүс нутагт хийх мал сүргийн шилжилт хөдөлгөөний маршрутыг Мал эмнэлгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, өгөгдсөн чиглэлийн дагуу хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;

4.3.4.халдварт болон гоц халдварт өвчин гарсан тохиолдолд голомтыг устгах, тархалтыг бууруулах ажлыг бүх шатны Засаг дарга, мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах.

4.4.Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумын тасаг, Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.4.1.отрын бэлчээрт өвөлжиж, хаваржих мал, малчин өрхийн дэлгэрэнгүй бүртгэлийг Малын үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, энэ журмын 4.1.4-т заасан отрын мэдээллийн сантай холбох;

4.4.2.отрын бэлчээрт өвөлжиж, хаваржих малыг засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн код бүхий ээмэг, чипээр ялган тэмдэглэж, бүртгэлжүүлсэн эсэхийг нягтлах, ялгах тэмдэглэгээ хийгдээгүй малыг тухайн аймаг, сумын код бүхий ээмэг, чипээр бүртгэлжүүлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

4.4.3.отрын бэлчээрт өвөлжиж, хаваржих үржлийн хээлтэгч, хээлтүүлэгчийн бүртгэлийг холбогдох журмын дагуу хийж, гарал үүсэл, удам гарвалийг тодорхойлсон үржлийн бүртгэлийг хөтлөх.

Тав.Бусад

5.1.Жилийн эцсийн мал тооллогыг тухайн отрын бүс нутагт малчдаа оторлуулж байгаа сумын Засаг даргын Тамгын газар хариуцан зохион байгуулна.

5.2.Оторлож байгаа малчин өрхийн гишүүдэд нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зардлыг тухайн сумын эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар тооцно.

5.3.Захиргааны дарга, албан тушаалтан болон отрын бэлчээрийг орон нутагт хариуцан ажиллах мэргэжилтэн нь энэ журамд заасан үүргээ зөрчсөн, өөрийн эрх мэдэл, албан тушаалыг ашиглан бусдад давуу эрх олгосон нь нотлогдсон тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5.4.Отрын бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх болон оторлохтой холбоотой үүссэн маргаан, зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

----о0о----



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол